2015/12/25


I hope everyone's having an amazing time! 

I wish you all a blessed 

and merry Christmas !

2015/12/12


Хүний тархинд өдөрт 40000-60000 бодол хөрвөж байдгийн 60-80% нь сөрөг бодлууд байдаг гэнэ. Бодол биелэх нь их байдаг. Иймээс дандаа эерэг бодлоор өөрийгөө тэтгэж байх хэрэгтэй. 
Бодол болгон чинь бодит болж, үг нь амилж, үйлс нь бүтэж сайхан амьдарцгаах болтугай ! 

2015/12/05

Уншвал ухаан тэлнэ
Уурлавал стресс ихдэнэ
Хайрлавал сэтгэл баясна
Хамтарвал эвтэй болно
 
Хөдөлмөрлөвөл амьдрал сайжирна
Хураавал мөнгө арвижна
Зовлонг давахад тэвчээр хатуужна
Зориглоод хийвэл амжилт авчирна

2015/12/04


Өдрөөс өдөрт өртөөлөн холдож буй 
Нарны илч дулааныг 
Өчүүхэн ч хором алдалгүй 
Биедээ шингээх юмсан...
Өвлийн хүйтэн жавар урт шөнөөс урьтан
Нарны гэрэл гэгээг
Өнгөт энэ орчлон дээр 
Өдөр алгасалгүй тусгах юмсан...

2015/12/03


Хүслээ шивнээд зорьсон зорилгодоо тууштай хүрээрэй
Халуун итгэлээ алдалгүй хандах зүгтээ зөв чиглээрэй
Хэзээд хөдөлмөрлөж хангалуун сэтгэлийн сайхныг эдлээрэй
Хаана ч явсан хүнлэг чанарын үнэрийг харамгүй түгээж яваарай... 

Zippo-гал түгээх асаагуур
Zippo-галтай залуусийн гангараа
Zippo-газар дэлхийд түгсэн алдар
Zippo-галзуу зүрхнээс үсэрсэн оч дөл
Zippo-гэнэн хайраас үлдсэн нандин бэлэг
Zippo-газрын хол замын найдвартай анд
Zippo-голт зүрхэнд мөнхөд дүрэлзэх гал
Zippo-зүгээр л зиппо..

2015/12/02


Шалгалтын сураг ойртоход 
Шамдангуй нь догдлоно
Шахамдуу нь түгшинэ
Хоцрогсод нь хулчийна
Хоосонгууд нь хий эргэлдэнэ...



Ногоон талбайн ХААН
Хөл бөмбөгийн ногоон талбайн хүчирхэг хаан Месси
Хөгшин Европийг байлдан дагуулсан эрэлхэг Месси
Хүн бүрийн сэтгэлийг баясуулж бишрүүлсэн хүнлэг Месси
Хөрст дэлхийн ховорхон хүү Месси

Насан багадаа илүүрхэн тасарсан хэзээний л Месси
Дээд амжилтын эзэн даруухан Месси
Дэлхийн спортод нэрээ мөнхөлсөн супер Месси
Дэндүү их авьяасын бодит дүр нөгөө л Месси

Алс холын Аргентинаас алдрын замаа зассан бяцхан Месси
Агуу түүхийг бүтээсэн адтай Месси
Алтан дэлхийн фэнүүдийн хайрыг татсан амьд домог Месси
Азтай төрсөн биднийг түүхийн гэрч болгох Бурхны хүү Месси

2015/11/30



Дэлгэр зуны дулаахан тэр үдэш
Дэнж хотойтол наадсан тэр өдрүүдэд
Дурлалт хосуудын алхаа хоршиж, зүрхний хэмнэл нийлсэн
Дулаахан орой
Хурдаар амьсгалж
Хурдаар цохилж
Хурдаар бүжиглэж
Хурдаар дуулж
Хурдаар баясаж байсан нь саяхан мэт...

Эх орны зүрх нь болсон
Эрхэм Жанжны минь талбайд
Эх орон дууг 
Элгэн түмэн минь уухайлан түрсэн тэр үдэш
Энхрий ялдам тэр охины харцанд хайлсан гэнэхэн залуу нас
Гэгээн цайлган хайрын дууль амилсан 
Гэрэлт хотын төв талбай...

Энэ өглөөний мэндийг эрэхийн ялдамд
Эрч хүчийг амтлан
Эрх чөлөөг мэдрэн

Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн
Хүн арддаа туслан

Бүтээлч хөдөлмөрөө ундруулан
Бүхий л сэтгэлээрээ урагшаа зүтгээрэй

Та чадна шүү
Танд итгэж байна шүү...


2015/11/29





Сергей Есенин

  Дуучин өвөл гуугална
Дуулган ой хүүглэнэ
Нарсан төгөл шуугина
Бөөн уйтгарт умбана
Бөмбийх үүлс умбарна
Бөртийх алс руу шуударна


Явган шуурга товилзоно
Ямбуу даавуу шиг гүвэлзэнэ
Яасан ч хүйтэн юм бэ дээ
Сөрөвгөр хэдэн бор шувуу
Шоовдор хүүхэд шиг бөөвийлдөн
Цонхны шилэнд бүртэлзэнэ
Бээрсэн хэдэн бялзуухайн
Бор ходоод нь хоосорчээ
Бөөрөө нийлүүлэн шахцалдана
Цонхны хавтас дэрчигнэнэ
Цасан шуурга тэлчигнэнэ
Цочмог цочмог ширүүснэ
Хөөрхий хэдэн бялзуухай
Хүүглэх шуургыг мартаад
Хөлөө атийгаад зүүрмэглэнэ
Усгал наран мишээж
Урин хавар ирлээ гэж
Унтах нойрондоо зүүдэлнэ.


Р.Чойном 
"Жаргал зовлон"
Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай

Ингэхэд ер нь жаргал гэж
Илэрхийлж юуг хэлдэг юм болоо
Хүндэт тэр жаргал тэгээд
Хүн бүхэнд адилхан уу

Үгүй ээ, үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үнсэнд тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдаггүй
Ургамалд дуу байдаггүй
Учир нь гэвэл
Хэтэрхий баян байгаад
Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
Хэнд юу сайхан бэ гэдгийг
Хэлж тогтоож болдоггүй гэнэ...


Амтатны сайхныг идэж
Өнгөтний сайхныг өмсөж
Аливаад дутах зовлонгүй
Амар жимэр суухыг
Зарим хүн жаргал гэнэ
Залхаж хагас нь зовлон гэнэ
Гэтэл бусдаас харамлах өмчгүй
Будаж гоодох гоёлгүй
Буруудсан ч зөвдсөн ч
Хувьдаа буйдхан тэнэж явахыг
Эр хүний жаргал гэнэ
Энэ насны зовлон ч гэнэ
Сайн хүлэг унаад
Сайхан эмээл тохоод
Хүүхний сайхантай ханилаад
Хүнд гайхуулж явахыг
Хамгийн дээд жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Гэтэл хүн тоохгүй унаатай
Хүүхэд ч тоохгүй эмээлтэй
Амьтан тоохгүй эхнэртэй
Амиан борлуулж суухыг
Алд биений жаргал
Арчаа байхгүй зовлон ч гэнэ
Төрийн тушаалд дэвшиж
Төмөр царай царайлж
Эгэл олныг айлгаж
Эрх ямбатай явахыг
Дурлаж зарим нь жаргал гэнэ
Дургүйцэж зарим нь зовлон гэнэ

Гэтэл
Халагдахаасаа өөр сэтэргүй
Хавийхныгаа айлгах сэнтэггүй
Хар гэртээ хаан
Бор гэртээ богд байхыг
Хал балгүй жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ

Намба ухаан төгс
Нас тогтсон авгайтай
Энхрийлэл халамж хоёрт нь
Эрхлэн хөлчүүрч хэвтэхийг
Зарим хүн ухаалаг жаргал гэнэ
Зарим хүн уйтгар зовлон ч гэнэ

Гэтэл
Амьдрал мэдэхгүй багачуудыг
Амрагаа болгож аваад
Ноолуулж эрхлүүлэх ялдамд
Номорхож томорхож суухыг
Энэ биений жаргал гэнэ
Эр хүний зовлон ч гэнэ

Ай, Элдэв жаргал хэмжээтэй
Эцэст нь төлөх үнэтэй
Эрдэм сурах санасандаа хүрэх хоёр л
Энэ насны жаргал гэлтэй

Айдаа, Хожмын үр сад минь дээ
Хорин зууны бичиг судлахдаа
Зовлон гэж юу байдгийм болоо гэж
Зон олноосоо сураглаж явах болтугай

Энэ үеийн бидэнд уух ус, идэх талх шиг
Элбэг байсаар байгаад зовлон гэдэг сүүдрийг
Нэвтэрхий толийн хуудаснаас холын удам минь
Нэн ч зүдэж байж олж ойлгох болтугай

Энэ миний үеийнхэн хэн маань ч ялгаагүй
Элс шороотой хөдөөрхүү нутагт
Жаргал дунд биш зовлон дунд
Жаалхан биеэрээ унаж тусан төрсийм
Унахдаа дуулж төрөөгүй ээ
Уйлж төрсийм
Өргөс ихтэй энэ хорвоог
Өөрөө ч мэдэлгүй зовлонд тооцном тэр
Ой мод шиг зовлон дундаас
Гээсэн сүх шиг жаргалыг
Олох гэж яваад нэгэн насаа бардгийм
Олон зууны олон олон үеийнхэн
Олсноосоо олоогүй нь ихээ
Эх дэлхийн минь тансаг амьдрал дунд
Энэ их зовлон чухам хаанаас ундарнам бэ?
Элж улирдаг их түүхийн турш
Элдэв зовлон барагддаггүй юм уу?

Үгүй ээ!, Барагдах нь байтугай багассангүй
Үндсийг нь хүн өөрөө тарьж
Үр жимс мэт зовлонгоо ургуулж үржүүлж
Бие биендээ тараасаар байнам
Өвөг дээдэс болсон сармагчин ажаагаа
Өвчиж төрсөн хүн гэдэг амьтан
Өөртөө дандаа дайсан болж
Өег жаргалын оронд
Өвчин зовлон санаачилна
Үстэй чихэвчтэй малгай зохиосон мөртлөө
Үдэш өглөөний жаварт гоёж явж чихээ хөлдөөнө
Ган халуун зун нэрэлхэж гангалж
Бариу гутал өмсөөд хөлөө сүйтгэнэ
Хортойг нь мэдсээр байж архи дарсанд
Хорхойтсон баавгай шиг шунан согтоод
Хонуут өнжүүд огиж бөөлжөөд
Хоосон хохийн шартахын зовлон эдлэнэ
Унд хоол байсаар байтал тамхины утаа залгилаж
Бохь зажилж
Авсанд ортлоо зэрэмдэг болоод
Ам чөлөөгүй зовлон тоочино
Хүсч өөрийг нь тоох нь байтугай
Хүн байна ч гэж хараагүй
Хар элгийн хүнд шохоорхон
Хайртай боллоо гэж давхиад
Эвийг нь ололгүй сээтэгнэж
Эгдүүг нь хүргэж орхиод
Эцэст нь өөрийгөө тоосонгүй ээ гэж
Элдвээр харааж зүхэж үлддэг
Тэрүүнийгээ өсгөн өсгөн
Тэнгэрт тулсан зовлон тоочдог
Тоочсон зовлондоо өөрөө итгэж
Толгой мэдрэлийн солио тусдаг
Элдэв хуулийг өөрөө батлаж
Эцэст тэрнийгээ өөрөө зөрчиж
Эрүүгийн хэрэгтний сандалд сууж
Элгэн саднаараа зовлон болдог

Хэтэрхий бөх шорон барьчихаад
Хэрэг тарьж өөрөө орчихоод
Хэл мэдэхгүй адгуус гэмээр
Хэв хэрэггүй орилож цамнадаг
Өөрсөндөө эцэст амар заяа үзүүлэхгүй
Өөдгүй хэнхэг хүнд их эрх эдлүүлээд
Хариуд нь тэрэндээ үе удмаараа харгислуулаж

Гашуун зовлон эдлэнэ
Төрсөн үрээ үг сүггүй эрхлүүлж
Төрхгүй мунхаг болгож өсгөөд
Хөлд нь сүүлд нь өөрсдөө үрэгдэж
Хөрөнгө хогшил нэр төрөө баллуулдаг
Хүмүүс минь дээ!
Хүсэл чинь их ухаан чинь урт ч гэлээ
Хүлээх тэвчээр чинь даанч богиноос болж
Хүүхэд мэт сониучхан аашиндаа хөтлөгдөн
Эртнээс эдүгээг хүртэл та нар
Эрэг сондуул мэт нуран нурсаар иржээ.
Эзэгнэн захирч чадаагүй өөрөөсөө болоод
Энэ мэтчилэн зовсоор та нар байх юмуу

2015/11/26


Тогтохгүй сэвэлзүүр сэтгэлийг хориод яахнав ээ...
Тонгочиж цовхчиж л байг
Тоглоом биш гэдгийг гүн ойлгоод
Тогтуун болно наадах чинь
Бат тогтох заяа тавиланг өртөөлж бус 
Өөдөөс нь сөрж туулахаас
Тойруулж зугатаад хожих нь эндүүрэл болой...

2015/11/24


Үг хэл илүүдсэн бол уучлаарай
Үнэн худлыг хэтрүүлсэн бол бүр их хүлцэл өчье...



Талархсан сэтгэл илүүдэхгүй ч
Танхил чамд минь ихдэхгүй
Хүч чадал өгөхгүй ч
Хүсэл сэтгэлд чинь дэм болоосой...




Зав гарсангүй юу
Зай олдсонгүй юу
Захлаад явчихсан уу
Залхаад явчихсан уу
Ажил болсонгүй юу
Алагчлаад алга болсон уу?...

2015/11/23




Залуу минь чи сонсооч...
Би зүгээр л зугаа гаргаж бичдэггүй юм
Зүрх сэтгэлээ чагнан хөрвүүлдэг юм
Зөн совингоо даган дотроо хүүрнэдэг юм
Зүүд нойроо санан сэрүүн сэтгэдэг юм...

Үлгэр туульс хайлах цагаар үзэг цаас нийлүүлдэг юм
Үнэн үгээ чихэр давстай холин зуурдаг юм
Үхэл хагацлаас айлгүй үглэдэг юм

Би зүгээр л бичих гэж оролддог юм
Билэг танхай хүмүүсийн сүүдэрт халууцаж бичдэг юм
Утга зохиол уран үгст дурлаж бичдэг юм
Учир нь олдохгүй хорвоод зүгээ олох гэж бичдэг юм

Тайтгарал тайвшралыг эрж бичдэг юм
Тансаг яруу хэлээрээ гайхуулж холбодог юм
Та нар шиг залууст ойлгуулах гэж нуршидаг юм

Шүлс минь хаттал үглэх юмсан...
Гар минь цуцтал бийр янтайтай ноцолдох юмсан...
Гал цог минь бууртал үзэг цаастай зууралдах юмсан...



Zippo-гал түгээх асаагуур
Zippo-галтай залуусийн гангараа
Zippo-газар дэлхийд түгсэн алдар
Zippo-галзуу зүрхнээс үсэрсэн оч дөл
Zippo-гэнэн хайраас үлдсэн нандин бэлэг
Zippo-газрын хол замын найдвартай анд
Zippo-голт зүрхэнд мөнхөд дүрэлзэх гал
Zippo-зүгээр л зиппо...

2015/11/19



Алсад цайран харагдах 
Цаст өндөр уулсийн барааг ширтэхүй дор
Цэлгэр уужим талаар нүдээ бэлчээмой...
Тэнгэрт хөвөх сэвсгэр цагаан үүлс нүүхүй дор
Тэнүүн сэтгэлийн доторх утас эгшиглэн сонстмой...

Шалгалтын сураг ойртоход 
Шамдангуй нь догдлоно
Шахамдуу нь түгшинэ
Хоцрогсод нь хулчийна
Хоосонгууд нь хий эргэлдэнэ...

Цас будран хаялах өглөө
Цаг хугацаатай хүмүүс уралдан алхална
Цан хүүрэг татуулсан тэсгим өвлийн жавар
Цайлган ардын хатан зориг, халуун сэтгэлд бүлээснэ...

Би цагаан өнгө, хүйтэн цасанд дуртай
Би цайлган сэтгэл, цагаан сүүнд дуртай...



Өвлийн урт шөнийг гэтлэн
үүртэй золгох сиймхийд
Өнө эртний энэ газар шороонд
Өрөвгөр тэр хүү өөрөөсөө 
Бусдыг айлгаж бас баярлуулж
Би мэндэлсэн гэдгээ бяр чадлаа шавхан зарласан бөлгөө...

2015/11/18


Хорвоод дутах юм үгүй
Энэ хорвоод дутах юм үгүй
Энгийн бодисоос эгэлгүй нарийн бүтэц буй
Эрх чөлөөт амьдрал эцэс төгсгөл үгүй зовлон жаргал ээлжлэхүй
Энэ хорвоо энэхэн биеэр дутахгүй ч
Эмзэг зүрх сэтгэл минь юм бүхнээр дутнам
Эрээн цэцэгс талаар дүүрэх авч
Энхрий ялдам үгс чамд минь үгүйлэгднэм
Энэ хорвоо надаар дутахгүй ч
Энэхэн биед дүүргэх юмс зөндөө


Бийр үзэг бичиг хэл соёл
Бидний үр хойчид бичигдэн үлдэх тэмдэглэл
Билгүүн их номчийн бясалган тунгаасан бодлын охь
Бичигт хад Цогтын номын цагаан өргөө
Билэг танхай яруу найрагчдын онгод хийморь
Анхны хайрын үгсийг 
Атгахан зүрхэнд минь сийлсэн
А үсгээр хөтлөн
Амьдралын нүдийг минь нээн өгсөн
Бийр үзэг бичиг соёл минь
Бүү балартугай

2015/11/16





Гэнэтийн мэдээ намайг цочирдуулж орхилоо. Парист болсон аймшигт халдлага үнэхээр дэлхий нийтийг харамсал харуусал бас үзэн ядалтаар дүүргэлээ. Энэ бол балмад явдал. Миний үеэл ах гэр бүлтэйгээ Францад амьдардаг болохоор хамгийн түрүүнд тэдний талаар мэдэхийг мөн холбогдохыг хүсэж хичээж байлаа. Энэ хэдэн хоног сэтгэл тайван бус нэг л түгшүүртэй байлаа. Аз таарч тэд маань Парисаас өөр тийш ажиллахаар саяхан нүүсэн тул бага ч гэсэн сэтгэл минь тайвширлаа. Гэхдээ л бүрэн тайвширч чадахгүй л байна. Тэр олон гэм зэмгүй энгийн, бидний нэгэн адил хүмүүс амиа алдсанд тэдний гэр бүл, үр хүүхэд, ах дүү хамаатан садан, анд найз нөхдөд гүн эмгэнэл дахин илэрхийлэхийг хүсэж бичлээ. Бурхан та нарыг ивээг !

S.Bayarkhuu



Паристай хамт залбирахуй

Гэм зэмгүй нэгний төлөө
Гэгээн цайлган өдрүүдийн төлөө
Хайр энэрэл бүхний төлөө
Халуун элгэн ах дүү нарынхаа төлөө

Найрамдалт Франц улсын төлөө
Найрсаг Парис хотын төлөө
Нийт олноороо Паристай хамтдаа залбирцгаая
Нэг нэгнийгээ хайрлан хүндэтгэж амьдарцгаая...




2015/11/15


#PrayforParis

I'm appalled by the shocking scenes in Paris at the moment. 

My thoughts are with all the victims and innocent people suffering right now.

 

2015/11/11


Түнэр харанхуй тэнгэрийг таллан нөмрөн авахад
Түг түмэн од гаригс мэлмийд минь дүүрэн цацагдсан мэт
Өдрийн нарыг газарт унагаасантай адил
Өнгө өнгийн гэрлээр дэлхий анивчин шөнө болсныг хэлнэ...

Үг ихэдвэл үглээ болгоно
Ухаан санаа ээдвэл эргүү гэж элэглэнэ
Сайрхал хэтэрвэл сагсуу гэгдэнэ
Санаачлага ихдвэл хэнхэг болгоно
Магадгүй олширвол маанаг хэмээгдэнэ
Мэргэн түргэн ихдвэл мэдрэл муутай болгоно
Дуугай байвал нойтон чийгтэйгээр дуудна
Дуутай байвал нөгөө урт юу орооно гэгдэнэ
Хэдэн бор нь ихдвэл 
Хэсэх паарти шоу нь даллан дуудна



Одон бөмбөг

Огцом дээш нь хөөрнө
Онилж тусгаад
Тас хийтэл цохиулна
Наашаа цаашаа үсэрнэ
Намайг чамайг гүйлгэнэ
Намхан давуулж сандаргана
Нам цохиж оноо салгана...


Шинэ цэрэг би...

Орцны үүдэнд банзан гитар балбаж
Охидын зүрх сэтгэлийг уярааж
Үеийн хэдэн найзуудтайгаа
Үдэш болтол буу халааж суусан 
Омголон бага залуу би...
Оюутны ширээгээ би 
Одонт заставын харуулын өндөр байраар сольж
Банзан гитараа би
Байлдааны АК буу болгон үүрч
Нусаа татаж нулимсаар нүдээ чийглэн
Үүр цайхыг би тэсэн ядан зүүрмэглэх 
Шинэ цэрэг би...

Алхаа гишгээ цэх шулуун
Асуулт хариулт товч шулуун
Хэвтээд... шаланд... гэх
Хал цэргийн командыг
Хамгаас хурдан гүйцэтгэх
Шинэ цэрэг би...

Баруун зүүнээ мэдэхгүй будилж
Бага даргын бахиалны амтыг мэдэрнэ
Сайхан Тэгшээд санаархаж
Салаан даргаас шанаа хүртэх
Шинэ цэрэг би...

Онжавууд дотроо онгирч нэг үзнэ
Олон дундаас онцгойрч бас эрмэлзэнэ
Учраа мэдэхгүй унгас алдаж нэг үзнэ
Уйлж дуулаад булайгаа чирч бас хөглөх
Шинэ цэрэг би...

Одоохондоо би шинэ цэрэг ч
Он дамжаад хуучин болно
Овсгоотой байвал овгор ч болно
Овоо дориун байвал
Одноод ч тоогдох
Шинэ цэрэг би...

Хэвтээд... шаланд...гэх миний цоглог дуу 
Хилийн заставаар нэг цуурайтна гэж...
Босоод гэх бага даргын баргил хоолой
Байлдагч миний гэнэн зүүдийг минь 
Даваа давааны цаана
Дахин санахааргүй болтол дайжуулж орхив оо...
Шинэ цэргээ гэж би...




2015/11/10


Монгол заяа

Торго дурдан дээр хөлбөрч өссөнгүй
Тоост хөрс шороон дээр тоглож өслөө
Ховор идээ будаагаар хооллож ундаалсангүй
Хонины сүүл амтархан хөхөж хүн боллоо
Түмэн зүйлийн харь хэлээр шулганаж хээнцэрлэсэнгүй
Тансаг яруу Монгол хэлээрээ шүлэглэж хэлд орсон 
Монгол заяа...

Айл хөршийн түүхээр сайрхаж бус
Агуу их дээдсийн гавьяагаараа бардамнаж бас агсарч явлаа
Ах дүү элгэн түмнээ алагчилж биш 
Айл хотлоороо айлсан буудаг
Монгол заяа...

Сархад, савангийн дуурь хоёрт шимтэн донтолгүй
Сайхан Монгол дуу
Сэтгэл сэргээх хөг аянд
Хөлсөө гартал ёохор хатирч баясцгаадаг
Монгол заяа...

Тоорт хэмээх тослог гурилд дурлаагүй ч
Тогоо дүүрэн хөвөлзөх шаргал боорцгонд нугасгүй
Үзсэн газар идсэн хоолоо ярьж онгироогүй ч
Унасан газар уусан рашаанаа хүндэтгэн дээдлэх
Монгол заяа...

2015/11/03



Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн

Чиний сэтгэл яг мод шиг /Шүлэг/

Чиний сэтгэл яг мод шиг 
Чиний сэтгэл яг мод шиг
Миний сэтгэл яг навч шиг

Урьхан хаврын салхинд соёолох цэцэгсийг дагаад
Уяхан хонгор сэтгэл минь хэнзхэн дэлбээгээ нээж билээ
Ургаа моддын мөчирөөс цухуйх навчистай зэрэгцээд
Үнэн сэтгэлийн чинь үзүүрээс анхны хайр минь нахиалж билээ

Хайраас чинь ургаж итгэлээр минь бөхлөгдсөн миний сэтгэл
Хавар дуусаж намар ирэхийг зөнгөөрөө мэдрэвч
Үүрдийн юм шиг чиний тэвэрт дэндүү итгэхдээ
Өнгөн зүрхийг чинь мөнхийн гацуур мэт төсөөлж билээ

Нэг л өдөр навчис гандан хаялж эхэлсэн
Нимгэн сэтгэл минь тэднийг дагаад чамаас бударсан
Будагсан хайг минь навчистай хамт намрын салхинд жиндэх үед л
Болчимгүй зүрхийг чинь мөнхийн гацуур биш гэдгийг мэдэрч билээ

Хавар иргээд ирэхийн цагт модод дахиад л нахиална
Хорвоогийн жам юм даа, модонд буруу байхгүй
Хатсан навчис харин газартаа шингээд үлдэнэ
Хэцүү ч гэлээ тавилан хойно навчинд гомдол байхгүй

Навчсыг дагаад хөрсөнд шингэсэн гэнэн сэтгэл минь
Нарны хайранд соёолж, дурлалын бороонд дэлгэрнэ
Навч шиг нимгэн энэ сэтгэл гацуур болон сүндэрлэх үед
Намайг тойрох хаврын модод намрын салхинд шаргалтна

Чиний сэтгэл яг мод шиг
Миний сэтгэл яг гацуур шиг




Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн

Хуримын зар

Гүүний сүүл шуургалсан намрын өдөр

Гил хар нүдэн чиний хуримын зарыг

Олны салхинаас сонслоо.

Устай хавчгийг чинь тэгнэлцэж явсан

Худгийн асгарт хэллээ .

Уулзаж учирч байсан манхан толгоддоо дуулгалаа .

Найран дээр нь очлоо .

Унага тамгалсан найртай давхацсан хурим

Уул доргиосон нижгэр боллоо

Их хөлтэй найрнаас сэтгэл салган гарвал

Эмээлийн мөнгөн баавар дээр хар чийг унажээ

Энтээ уулын хярд , азын цолмон өеөджээ

Найрын гэрээс

Хайрлаж явсан хөөрхөн Хорголжин

Хаданд цав суутал тас тас инээнэ .

Эрхэлж унасан намрын манаг яран

“Эр бор харцага” сэрчигнэнхэн замхарна

Уг нь би тэднийд агсан тавья ! Гэж бодсон юм

Ухаант ардын дуундаа хүлээтэй байгаад чадсангүй .

2015/11/02


Санаж байна гэж салхиар дамжуулан чамдаа хэлэх юмсан
Сайхан юмаа гэж сэтгэлдээ би шивнэх юм
Бодох юмаа гэж бор шувуунд би үгээ дайх юмсан
Борхон зүрхэндээ чамайгаа л хайрлах юм

Өглөө бүр
Хүмүүн сэтгэлийн ховорхон заяа
Хүний дээд сайхан чамдаа
Өглөөний нарны илч дулааныг 
Өөрийн өчүүхэн зүрхний хэмнэл бүртэй хоршуулан
Өргөн их талын сэвлэг салхины үзүүрт уяж илгээнэм...
Алгаа алд дүүрэн тосон аваад
Ангир цагаан цээжиндээ наан дулаацаарай...

Хөл дор цас чахран дуугарна
Цээжин дотор зүрх булгилан цохилно...

2015/10/30


Алтан дэлхийтэй анхлан танилцсан 
Аргагүй сайхан төрсөн аниа минь
Алдрайхан дүү наддаа 
Алхаж сурахад минь дэм өгсөн ачтай аниа минь

Хол ойр унан тусан алхах намайг хараад
Хоол унд дөхүүлэн хамтдаа тоглож өссөн
Үе чацуутан аниа минь

Өлгийтэй би өнгөт энэ орчлонд өрвийж байхад
Өөдөсхөн биетэй аниа минь
Өнгө өнгийн харандаагаар эрээчиж явлаа
Учраа мэдэхгүй уйлж чарлахад минь
Урамтай сайхан дуулж саатуулдаг байлаа аниа минь

Аниагаа би алд дэлэм хүндэлье...
Алтан дэлхийд би хайрлаж явья...
Ач тусыг нь би хариулж туслая...
Аниа минь аз жаргал, баяр хөөрөөр бялхаж яваарай...




2015/10/29



Улаанбаатар марафон

Улсын минь нийслэлээр нэрлэгдсэн марафон
Улс улсын шилдгүүдийн уралдаант марафон
Монголын минь нийслэлд  уламжлагддаг марафон
Мянга мянган гүйгчдийн магнайг тэнийлгэсэн марафон
Миний анхны гүйлтийн марафон
Мяндаст хүлгийн хурдыг сорьсон марафон
Энэ бол тэвчээр шалгасан марафон
Энэ бол тэмцэл шаардсан амьдралын марафон

2015/10/28


Монголын сод билэгт яруу найрагч
Миний шүтэж, дурлаж явдаг шүлгүүд
Мэргэн оюун ухаан, хурц дайчин үгс
Мөнхөд дуурсагдах билэг танхай авьяас
Би сөгднөм...
Би шүтнэм...
 

2015/10/27


Тэнгэрийн нулимс
Тэнгэрийн нулимс тэнгис далайг тэтгэнэ
Тэнгэрийн нулимс тив дэлхийг ундаална
Тэнгэрийн нулимс тэрслүү галыг дарна
Тэнгэрийн нулимс тэнүүн сэтгэлийг ариусгана...

2015/10/26



Андуурал

Бороо гэсэн чинь цас байлаа
Цас байлаа гэтэл мөс байв
Мөс байх гэсэн чинь бороо байсан байна
Бороо, цас бас мөс гурав
Бодит байдлаараа хэлбэр өөр ч
Бодлын эцэст нэг л чанар мэт...


Бороо, цас бас мөс

Бузгай их бороо орлоо доо та минь
Булт олон минь шүхрээ аваарай даа...
Цаг үргэлжлээд цас болон хувирлаа шүү та минь
Цамц юугаа давхарлаарай даа...
Маргааш өглөө нь мөс тогтож хөлдлөө дөө та минь
Машин тэрэг, хүн амьтан замаар болгоомжтой яваарай даа...


2015/10/25



Элэгдэж хуучирсан зургийн цомгоо
Эргүүлж байтал энэ хар цагаан дүрсийг оллоо
Дурсамж сэргээсэн гэр бүлийн зураг
Дуутай шуутай 70-аад оны зураг

2015/10/24



Оочер дугаар

Оочерлож од болно
Оочер дайрч олонд ад үзэгдэнэ
Оочер хаяж олонд буян үйлдэнэ
Оочер хүлээж амьтан болно...



Нарт ертөнцөд нар дахин мандлаа
Нарлаг Монголд минь өглөө ирлээ
Намайг таних бас танихгүй бүх хүнд
Найрсаг өглөөний мэндийг дамжуулан хүргэе !