Шинэ цэрэг би...
Орцны үүдэнд банзан гитар балбаж
Охидын зүрх сэтгэлийг уярааж
Үеийн хэдэн найзуудтайгаа
Үдэш болтол буу халааж суусан
Омголон бага залуу би...
Оюутны ширээгээ би
Одонт заставын харуулын өндөр байраар сольж
Банзан гитараа би
Байлдааны АК буу болгон үүрч
Нусаа татаж нулимсаар нүдээ чийглэн
Үүр цайхыг би тэсэн ядан зүүрмэглэх
Шинэ цэрэг би...
Алхаа гишгээ цэх шулуун
Асуулт хариулт товч шулуун
Хэвтээд... шаланд... гэх
Хал цэргийн командыг
Хамгаас хурдан гүйцэтгэх
Шинэ цэрэг би...
Баруун зүүнээ мэдэхгүй будилж
Бага даргын бахиалны амтыг мэдэрнэ
Сайхан Тэгшээд санаархаж
Салаан даргаас шанаа хүртэх
Шинэ цэрэг би...
Онжавууд дотроо онгирч нэг үзнэ
Олон дундаас онцгойрч бас эрмэлзэнэ
Учраа мэдэхгүй унгас алдаж нэг үзнэ
Уйлж дуулаад булайгаа чирч бас хөглөх
Шинэ цэрэг би...
Одоохондоо би шинэ цэрэг ч
Он дамжаад хуучин болно
Овсгоотой байвал овгор ч болно
Овоо дориун байвал
Одноод ч тоогдох
Шинэ цэрэг би...
Хэвтээд... шаланд...гэх миний цоглог дуу
Хилийн заставаар нэг цуурайтна гэж...
Босоод гэх бага даргын баргил хоолой
Байлдагч миний гэнэн зүүдийг минь
Даваа давааны цаана
Дахин санахааргүй болтол дайжуулж орхив оо...
Шинэ цэргээ гэж би...