2018/04/20


Би эмээ болох нээ...

Бяцхан хөөрхөн хүү минь 
Бяр чадал, ухаан суусан сайхан залуу болж өсчээ.
Өхөөрдөм энхрий охин минь
Өөгүй үзэсгэлэнтэй, өр зөөлөн бүсгүй болон торнижээ.
Орчлон дэлхийг онож ядан алхан 
хөлд орж байсан нь өчигдөрхөн мэт   
Одоо үүрнээсээ жигүүрээ дэлгэн
хүчээ сорих гэж буй залуу бүргэд шиг болжээ...

Ач зээтэй болох нь гэсэн баярт мэдээг дуулаад
 Аргагүй ихээр баярлаж бас гайхах зэрэгцэн
Би эмээ болох нээ гээд ээж нь
Битүүхэн дотроо итгэж ядан
Эмээ гэж дуудуулахад эмзэглэх сэтгэл төрөвч
Эх хүн болох хувь тавилангийн ерөөл 
хэмээн бас баярлан залбирна.
Би эмээ болох нээ гээд ээж нь
Бие сэтгэл, хайр ивээлээ харамгүй зориулдаг
Намбалаг сайхан эмээ болох 
Намрын тэр мартагдашгүй өдрийг тэсэн  ядан хүлээнэ...