Хол ч юм шиг хажууханд ч юм шиг мутарт мэдрэгдэх
Нар ч юм шиг саран ч юм шиг сэтгэлд гэрэлтэх
Зүүд ч юм шиг зэрэглээ ч юм шиг мэлмийд харагдах
Чихэнд хөгжим адил уянгалах нь
Зүрхэнд цагийн зүү адил цохилох нь...
Хан буурал дэлхийн
Хайрын нэгэн мөчир
Ханхөхий баян хангайн
Хараа булаам нүдэн цэцэг
Мяндас зөөлөн хатан ижийн хайранд умбаж өссөн
Мятаршгүй зоригт хан аавын халуун цусанд буцалж торнисон
Ухаан саруул үзэсгэлэнт охин үр минь
Уужим сайхан сэтгэлт бүсгүй заяа минь
Хорвоод мэндэлсэн ашдын билэгт өдрийн
Хосгүй жаргалыг мэдрэн баясч
Хойшдын сайхныг зөгнөн мишээж
Ховорхон хүмүүн заяандаа залбиран шивнэж
Хоёр буурлын ачийг санан талархаж
Хотол дэлхийг хотойтол баярлаарай...
БОСОО ХӨХ МОНГОЛ
БОСОО ХӨХ МОНГОЛ БИЧИГТ МИНУ
БОДОЛ МИНЬ УНДРААСТАЙ
БОСОО ЗАЯАТ ХҮМҮҮНД
БИЛЭГ ОЮУН ОРГИЛООСТОЙ
Уран тансаг Монгол бичигт мину
Уянга дуу эгшиглээстэй
Учран золгох дөрвөн улиралд
Ургамал навч дэлгэрээстэй
Эрэмгий Монгол бичигт мину
Эрэмбэ ёс жаяг шингээстэй
Эрэлхэг дайчин өвөг дээдсээр
Энхрий ач үрс нь бид бахархууштай
Түвшин бат Монгол бичигт мину
Түүх судар нь дэлгээстэй
Түмэн олон ардад
Тэнгэр бичиг нь үүрд өвлөөстэй
Найрын ширээний ууц
Хөдөө нутагтаа өвс ургамлын соргог шимийг хүртэн
Хөрст алтан дэлхийн зөөлөн бор бууцанд хөрвөөн жаргаж
Тал дүүрэн хонин сүргийн дундаа
Тарга тэвээргээр толгой цохин тодорсон
Ами чанарын дээдээр
Алтан медаль хүртэн алдаршсан
Айл бүрийн тогоог амт уургаар дүүргэн тослож
Алжаан ядарсан нэгэнд илч нэмэн хөл дээр нь босгосон
Амь төрүүлж нялхарсан нэгэнд биеийг нь тэнхрүүлсэн ачтай
Надгүйгээр найр амтгүй
Надгүйгээр хоол амтгүй
Надгүйгээр энэ Монгол төсөөлөгдөшгүй...
Алтан шаргал нар минь уяхан замбуулингийн чимэг
Анхилуун ягаан цэцэгс минь захгүй талын чимэг
Амжилт бүтээл дүүрэн нас минь авьяас хөдөлмөрийн чимэг
Цалгих цагаан сүүний дээж минь буянт мал сүргийн чимэг
Цэнгэг рашаан булаг минь гол мөрний чимэг
Цээж хөөргөх талын салхи минь уудам тэнгэрийн чимэг
Энхрий бяцхан үрс минь эх орны гэрэлт ирээдүйн чимэг
Энэрэлт аав ээжийн минь нэр энэ яваа насны чимэг
Эзэн Чингис хааны аугаа суу алдар минь Монгол гүрний чимэг
... Өвлийн хүйтэн гадаа хаанчлалаа тогтоосон тэр орой Борхүү унтах гэж ярагласаар шөнийн 2 цаг хүргэх нь хэвийн үзэгдэл мэт болсоор бараг 8 сар өнгөрчээ. Нас 40 аль хэдийн хэвийсэн түүнийг гал цог нь унтарч буй хонин бор нүд хагас аньсан харин зүрхний цохилт нь зай нь дууссан цаг шиг нам гүм.
Элдэв янз бүрийн юм бодохгүй шүү хэмээн өөрийнхөө тархинд сануулах мэт тушаасаар залхаж бодлын далайд хөвсөөр л...
Тамхийг татаж сураагүй тэрээр ийм л үед татмаар санагдан эсвэл кинон дээр гардаг шиг хатуу виски шимэн зөөлөн буйдан дээр нүдээ анин бүх биеэ сул орхин шигдмээр ч юм шиг.
Борхүү босож усны савыг тонгойлгосон ч дусал ус шүүрээгүйд бухимдан ширүүхэндүү буцаан тавиад крантны хүйтэн усыг говийн аагим халуунд олон хоногоор төөрч ам цанган аяншиж ядарсан аянчин адил амныхаа 2 завьжаар гоожуулан гүд гүд хийтэл залгилахад агаар сорох хамрынх нь самсаа сарталзан байгаа нь цонхоор тусах сарны гэрэлд хар цагаанаар ялгаран харагдана.
Тэр нэгэн өдөр ажлын цайны цаг дөхөж байсан үе.
Эхний 2 цагийн хичээл ороод гарч ирэх үед утас жингэнэн дуугарч, нэг нарийхан хоолойтой эмэгтэй танай хүүгийн шинжилгээний хариу гарсан таньтай уулзаж ярилцах хэрэгтэй байна гэхэд нь шуудхан юу ч бодолгүй за гэсэн ганцхан үгээр хариулаад өрөө лүүгээ аяга кофе уухаар яаран алхсан.
Хаана хэдэн цагаас хэнтэй уулзах ёстой гэдгээ ч асуугаагүйгээ сая л гэнэт санаж утсаа халааснаасаа гаргаснаа буцаан хийв. Хонх ч зэрэгцээд дуугарлаа. Олон жилийн хэрэглээнд зөөлөрч хуучирсан арьсан цүнхээ сугавчлаад дараагийн хичээл орох анги руу явахаар дурамжхан бослоо.
үргэлжлэл удахгүй...
2019.12.27