... Өвлийн хүйтэн гадаа хаанчлалаа тогтоосон тэр орой Борхүү унтах гэж ярагласаар шөнийн 2 цаг хүргэх нь хэвийн үзэгдэл мэт болсоор бараг 8 сар өнгөрчээ. Нас 40 аль хэдийн хэвийсэн түүнийг гал цог нь унтарч буй хонин бор нүд хагас аньсан харин зүрхний цохилт нь зай нь дууссан цаг шиг нам гүм.
Элдэв янз бүрийн юм бодохгүй шүү хэмээн өөрийнхөө тархинд сануулах мэт тушаасаар залхаж бодлын далайд хөвсөөр л...
Тамхийг татаж сураагүй тэрээр ийм л үед татмаар санагдан эсвэл кинон дээр гардаг шиг хатуу виски шимэн зөөлөн буйдан дээр нүдээ анин бүх биеэ сул орхин шигдмээр ч юм шиг.
Борхүү босож усны савыг тонгойлгосон ч дусал ус шүүрээгүйд бухимдан ширүүхэндүү буцаан тавиад крантны хүйтэн усыг говийн аагим халуунд олон хоногоор төөрч ам цанган аяншиж ядарсан аянчин адил амныхаа 2 завьжаар гоожуулан гүд гүд хийтэл залгилахад агаар сорох хамрынх нь самсаа сарталзан байгаа нь цонхоор тусах сарны гэрэлд хар цагаанаар ялгаран харагдана.
Тэр нэгэн өдөр ажлын цайны цаг дөхөж байсан үе.
Эхний 2 цагийн хичээл ороод гарч ирэх үед утас жингэнэн дуугарч, нэг нарийхан хоолойтой эмэгтэй танай хүүгийн шинжилгээний хариу гарсан таньтай уулзаж ярилцах хэрэгтэй байна гэхэд нь шуудхан юу ч бодолгүй за гэсэн ганцхан үгээр хариулаад өрөө лүүгээ аяга кофе уухаар яаран алхсан.
Хаана хэдэн цагаас хэнтэй уулзах ёстой гэдгээ ч асуугаагүйгээ сая л гэнэт санаж утсаа халааснаасаа гаргаснаа буцаан хийв. Хонх ч зэрэгцээд дуугарлаа. Олон жилийн хэрэглээнд зөөлөрч хуучирсан арьсан цүнхээ сугавчлаад дараагийн хичээл орох анги руу явахаар дурамжхан бослоо.
үргэлжлэл удахгүй...
2019.12.27
No comments:
Post a Comment