ХҮН
Хөр цасан цавцайж, түлээ модгүй даарваас
Хөдсөн дээлийн оронд хөдсөн дээл нь болж
Хүндэт буурал ээжийгээ нөмөрлөхгүй юм бол
Хүү нь болж заяасны минь хэрэг юу сан билээ...
Хэл ам дэгдэж, манай гэрийг чиглэвээс
Хэрэм хананы оронд хэрэм хана нь болж
Амьдралын ганц ханиа аврахгүй юм бол
Амраг нь болж явсны минь хэрэг юу сан билээ...
Аюулт дайн дэгдэж, дайсан нааш өндийвөөс
Алтан хилийн нь оронд амьд хил нь болж
Ийм сайхан орноо хамгаалахгүй юм бол
Иргэн нь болж төрсний минь хэрэг юу сан билээ...
Хүнд бэрх цагт нь, хүнийхээ төлөө зовохгүй бол
Хүн болж төрсний минь хэрэг юу сан билээ !
Р.Чойном
Р.Чойном
No comments:
Post a Comment